Өөрчлөлт хийх боломжийг атгах нь


6 жилийн өмнө Алета Баун бид хоёр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын (УАӨСК) Талуудын Бага Хурлын (ТБХ) ээдрээтэй, онцгой бөгөөд ихэвчлэн учир битүүлэг ертөнцийн учрыг олох гэж 12-р сард Парисын харанхуй, бороонд норсон гудмаар гүйх шахам харайж байв.

Алета ээж (түүнийг олон нийт нь ийнхүү авгайлдаг) нь Дэлхийн Ногоон Тэтгэлэг Сангийн (ДНТС) Индонез дахь тэтгэлэг хүртэгч, уугууль иргэдийн олон нийтийг манлайлагч бөгөөд орон нутгийн хэдэн зуун эмэгтэйчүүдийг удирдан зохион байгуулж, чимээгүй сүлжиж эсэргүүцлээ илэрхийлэх тэмцлийн үр дүнд гантигийн уурхайг тайван замаар эзэлж чаджээ. Хамтын хүчээр тэд уурхайн компанийг хөөж гаргаснаар Индонезийн Тимор арлын Мутис уулан дахь ариун дагшин ойг устахаас сэргийлэн зогсоож чадсан нь нийтдээ хэдэн мянган акр ойг аврах хүчин чармайлт байв.

Алета ээжийг хүн ард, байгаль дэлхийг хамгаалахын төлөө эмэгтэйчүүдийн байгаль орчны чухал үйл ажиллагааг манлайлсан олон нийтийн активистын хувьд туршлагаасаа хуваалцаж, үг хэлээч хэмээн Талуудын 21-р Бага Хурлын хэд хэдэн арга хэмжээнд урьжээ. Эхэндээ улс төрийн эрх мэдэл, нөлөө бүхий дээд түвшний хэдэн байгууллага түүнийг арга хэмжээндээ оролцохыг урьсан байна. Гэвч Талуудын 21-р Бага Хурал эхлэх дөхөхөд түүний эксперт мэдлэг хомс, ажлынх нь үр нөлөөг хэмжих шинжлэх ухааны нотолгоо байхгүй зэрэг шалтаг, бүдэг бадаг уучлалт гуйснаар хурлын хөтөлбөр болон арга хэмжээний оролцогчдын бүрэлдэхүүнээс хасчээ. Эцэст нь, тэрээр үндсэн арга хэмжээ болсон газраас зайдуу байршилд хоёр салбар хуралдаанд оролцож үг хэлсэн боловч, оролцогчид бараг ирсэнгүй.

Харамсалтай нь, Алета ээжийн туулж өнгөрсөн туршлага тийм ч ховор үзэгдэл биш. Бид бүхний биеэрээ туулж буй эцгийн эрхэт ёсны тогтолцоо болон үүнээс үүдэлтэй жендэрийн тэгш бус байдал нь байгаль орчны эмэгтэй тэмцэгчид, тэр дундаа дэлхийн өмнөд зүгийн улс оронд анхан шатанд ажиллаж буй уугууль иргэдийн төлөөлөл болсон эмэгтэй тэмцэгчдийг дэлхийн бодлого боловсруулах орон зай, шийдвэр гаргах талбар болон манлайллын албан ёсны боломжоос аль болох хол байлгаж, хүрээнээс гадуур байлгахыг эрмэлздэг. Эдгээр тогтолцоо нь эмэгтэйчүүдийн төлөөллийг доогуур түвшинд барьж, тэднийг санхүүжилтээр байнга хомс байлгах үүрэгтэй.

2017 оны байдлаар (хамгийн сүүлийн тоо баримт), дэлхийн хэмжээнд бүх хувийн сангуудын санхүүжилтын 0.1-ээс бага хувийг эмэгтэйчүүдийн байгаль орчны үйл ажиллагаанд зориулжээ. (Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төрөөс олгох санхүүжилтын урсгалаас эмэгтэйчүүдийн байгаль орчны үйл ажиллагаанд зориулсан хувийг энд нэгтгэж тооцоогүй).

Санхүүжүүлэгч бидний хувьд сайн мэдээ гэвэл, ийм санхүүжилтын дүр төрхийг хувьсган өөрчилж, статус кво нь хөдөлшгүй барьж байдаг дарангуйллын тогтолцоог эсэргүүцэж, улмаар гадуурхалтаас оролцоо руу, хүрээний гаднаас шийдвэр гаргах түвшин рүү, хэрэгсэл төдий ашиглагдахаас жендэрийн шударга ёс руу шилжихэд нөлөөлөх боломж бидэнд байна.

Ийм боломжуудыг бодит байдалд биелэлээ олоход тус дөхөм үзүүлэхийн тулд жендэрийн хувьд шударга уур амьсгалын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд манлайлж ажилладаг байгууллагууд болох Жендэр ба Ногоон үйл ажиллагааны дэлхийн эвсэл (GAGGA) болон ДНТС нь дэлхийн зүүн зүгийн улс орнуудад уур амьсгалын чухал санаачлагуудыг түүчээлэн анхан шатанд ажиллаж буй охид, эмэгтэйчүүдэд зориулсан санхүүжилтын бодит дүр зургийг хувьсган өөрчлөх хүчин чармайлтыг улам эрчимжүүлж байна.

Өнгөрсөн жилд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн асуудлаарх байгууллагын Тэгш Эрин Үеийнхний Форум (ТЭҮФ) нь олон янзат төлөөлөл бүхий охид, эмэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдлын төлөө эргэлт буцалтгүй ахиц дэвшилд хүрэх 5 жилийн аяныг эхлүүлсэн байна. ТЭҮФ нь энэхүү зорилтод хүрэх амжилтын алсын хараа, эн тэргүүний үйл ажиллагаа болон стратеги, тактикыг боловсруулах зорилгоор засгийн газрууд, санхүүжүүлэгчид, компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудаас бүрдсэн олон талт оролцогч талуудын үйл ажиллагааны эвслийг байгуулжээ. Нийтдээ 6 сэдвээр үйл ажиллагааны эвсэл ажиллаж байгаагийн нэг болох Уур амьсгалын шударга ёсны төлөөх феминист үйл ажиллагааны эвслийг (УАШЁТФҮАЭ) Дэлхийн Ногоон Тэтгэлэг Сан манлайлан санхүүжүүлж байна. УАШЁТФҮАЭ-ийн 5 жилийн зорилт нь охид, эмэгтэйчүүд ногоон эдийн засагт гол төлөөлөл болж, чухал үүрэг гүйцэтгэж, манлайлж ажиллахад тэднийг хүчирхэг болгох зорилгын төлөө улс төрийн, санхүүгийн болон нөлөөллийн эрчимтэй дэмжлэгийг чиглүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөний уян хатан байдлыг дээшлүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж буй олон янзат төлөөлөл бүхий хөдөөгийн, анхан шатанд ажиллаж буй болон уугууль охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах явдал юм.

Охид, эмэгтэйчүүдийн эрхийг уур амьсгалын үйл ажиллагаа болон санхүүжилтэд төвлөрүүлэх УАШЁТФҮАЭ-ийн дэлхийн хэмжээний ололт амжилтад суурилан ДНТС болон Жендэр ба Ногоон үйл ажиллагааны дэлхийн эвсэл нь ирэх 5 жилийн хугацаанд уур амьсгалын шударга ёсны төлөө дараахь феминист үйл ажиллагаанд зориулж 100 сая ам долларыг дайчлах хамтын бөгөөд хувьсган өөрчлөх чадвартай амлалтыг авч байна:

  • Дэлхийн өмнөд зүгийн улс оронд анхан шатанд ажиллаж буй өөрсдийгөө охид, эмэгтэйчүүд гэж тодорхойлдог болон жендэрийн аль нэг туйлд харъяалагддаггүй бүх хүний эрх, шаардлага, сонирхол бөгөөд үзэл санаанд суурилж, төвлөрсөн уур амьсгалын санаачлагын шударга, уян хатан, олон жилийн, үндсэн дэмжлэг.
  • Олон янзат төлөөлөл болсон охид, эмэгтэйчүүд үр шимийг нь хүртэхүйц, тэгш бус байдлыг доройтуулж, тэдний эсрэг хүчирхийллийг даамжруулахгүй байхуйц уур амьсгалын санхүүжилт.
  • Уур амьсгалын өөрчлөлтийг багасгаж, дасан зохицоход хувь нэмэр оруулж, оролцоог хангасан, шударга, эрх тэгш, даацтай нийгмийг баталгаатай цогцлоож, хүн бүрийн болон олон янзат экосистемийн уян хатан байдлыг бий болгодог анхан шатны санаачлагуудад хөрөнгө оруулалт хийх.

Гэвч бид үүнийг дан ганцаараа хийж чадахгүй!

Талуудын 26-р Бага Хурлаар бид засгийн газрууд, олон талт төлөөлөл болон филантропи нарт жендэрийн хувьд шударга уур амьсгалын үйл ажиллагааг уур амьсгалын санхүүжилтын тэргүүн эгнээнд авчирч, улмаар Алета ээж шиг хувьсган өөрчлөх чадвартай үйл ажиллагааг боловсруулж, хэрэгжүүлж, манлайлдаг анхан шатанд ажиллаж буй байгаль орчны төлөө эмэгтэй активистуудын удирдан зохион байгуулж буй санаачлагыг шууд санхүүжүүлэхийг уриалж байна.

Талуудын 26-р Бага Хурал дууссаны дараа ирэх 5 жилд уур амьсгалын шударга ёсны төлөө феминист үйл ажиллагаанд зориулсан 100 сая ам долларыг дайчлах бид бүхний хамтын хүчин чармайлтанд та бүхнийг нэгдэхийг бид хүсч байна. Хамтын хүчээр илүү оролцоог хангасан, тогтвортой, жендэрийн хувьд шударга хамтын ирээдүйг бүтээхэд охид, эмэгтэйчүүд зүй ёсны үүргээ гүйцэтгэхийг хангахад бид хувь нэмрээ оруулж чадна.

 

Урсула нь Дэлхийн Ногоон Тэтгэлэг Сангийн Жендэрийн болон Шударга ёсны хэлтсийн захирал бөгөөд байгаль орчны болон уур амьсгалын хөрөнгө санхүүжилтын хүрээнд охид, эмэгтэйчүүдийн эрхийн цогтой хамгаалагч юм. Тэрээр олон улсын хөгжлийн дэд профессор, “Уур амьсгалын шударга ёс ба эмэгтэйчүүдийн эрх” хэмээх шагналт бүтээлийн хамтарсан зохиолч бөгөөд байгаль орчны болон уур амьсгалын санхүүжилтын эрх тэгш, шударга ёсны талаарх бага хурлуудад илтгэгчээр байнга ажилладаг.  

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, Урсула Минизевскитэй ursula@greengrants.org хаягаар, Майте Сметтэй maite@fcmujeres.org цахим шуудангийн хаягаар холбогдоно уу.


Related Post

Job vacancy: Advocacy & Collaborations Coordinator

The Global Alliance for Green and Gender Action (GAGGA) is currently looking to recruit a full-time coordinator to support the…

See more

Job vacancy: Linking & Learning Coordinator

The Global Alliance for Green and Gender Action (GAGGA) is currently looking to recruit a full-time Linking & Learning Coordinator.…

See more

Report | Critical approaches to gender in mountain ecosystems

Women play a key role in nature conservation, yet they often lack the inputs, technologies, training and extension services, and…

See more

Subscribe to our newsletter

Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.