Эмэгтэйчүүд Нигерийн Дельта мужид мангр ой модыг нөхөн сэргээж байна


Үйл явдлыг товчилбол: Олон улсын санхүүгийн байгууллага болон сангууд шатах ашигт малтмалын олборлолтод хөрөнгө оруулсаар байгаа нь уур амьсгалын хямралыг аюултай түвшинд авчрахын хажуугаар орон нутгийн олон нийтийн амин сүнс болсон усыг бохирдуулж, улмаар тэдний амжиргаа, эрүүл мэнд болон хүнсний эх үүсвэрт сөргөөр нөлөөлж байна. Дээрх байгууллагууд нь мангрын модын амьдрах орчинг сэргээж буй Нигерийн Дельта мужийн охид, эмэгтэйчүүдийн хэрэгжүүлж буй жинхэнэ бөгөөд жендэрийн хувьд шударга уур амьсгалын шийдэлд хөрөнгө оруулах шаардлагатай байна.  

Өнөөгийн бодит байдал: Шатах ашигт малтмалын олборлолтод хөрөнгө оруулалт хийсээр байна

Нигерийн Дельта мужийн Ёрла хэмээх газрын тосны талбай орчмын Яаатаах голын тариаланч, загасчин олон нийт сүүлийн үед ус нь их хэмжээгээр бохирдохыг харжээ. Хэдэн арван жилийн өмнө тус олон нийтийн эмэгтэйчүүд кассава ургамлын булцуут үндсийг исгэхийн тулд Яаатаах голд хэдэн хоногийн турш дэвтээж, боловсруулсны эцэст үндсэн хоолондоо ашигладаг байв. Нутгийн Квава эмэгтэйчүүд ваар урлалаараа алдаршиж, голоос хураасан шаврыг хэвэнд оруулж, бүжиг, ургамал, уух зүйлс, хоол хийхэд зориулан уламжлалт ваар урлаж орлогоо олдог байжээ. Гэтэл одоо голын ус нефтийн нүүрсустөрөгчөөс болж хэт бохирдсоны улмаас кассава боловсруулах, эсвэл шавар ваар урлах боломжгүй болж, голын эрэг нь загас, хавчны сэгээр дүүрчээ.

Яаатаах олон нийтийн нутаг дэвсгэр дээр газрын тосны гурван худаг бүхий тос урсгах станц байрлах бөгөөд голын ус нь Нигерийн Үндэсний Нефтийн Корпорацитай хамтран ажилладаг “Шелл” Нефть Боловсруулах Компанийн үйл ажиллагаанаас болж асгарсан газрын тосонд бүхэлдээ бохирджээ. Цаг хугацаа өнгөрөхөд тухайн орон нутгийн олон нийт нь хий шатах, газрын тосны хайгуулын ажиллагаа болон гар аргаар цэвэршүүлэх ажлын үр нөлөө болох хүчиллэг бороо, хар тортог, агаарын өндөр температур, хөрс хуурайших, усны түрлэг дээшлэх, бороо ус татрах, цөлжилт явагдах, далай тэнгисийн амьдрах орчин сүйрэх, мангр ой мод устах зэрэг үзэгдлийн амьд гэрч болжээ.

Газрын тос асгарч хордсоны улмаас устаж алга болсон мангрын ой мод ургадаг байсан Нигерийн Дельта мужийн эргэн тойронд оронд нь нэгэн зууны өмнө гаднаас авчирч суулгасан төрөл зүйл болох нипа дал модыг ургуулах болжээ. Сүүлийн 40 гаруй жилд, нипа дал мод Яаатаах голыг тэр чигт нь эзэлж, загас болон хавч хэлбэртний үржлийн чухал орчин бөгөөд хүрээлэн буй орчны нүүрстөрөгчийн угаалтуур болдог байсан уугуул мангрыг устгасан юм. Энэ нь ялангуяа орон нутгийн хоолны гол бүтээгдэхүүн болох эмгэн хумсны төрөл зүйл буюу Баруун Африкийн Шавраар Мөлхөгчийг агнаж, боловсруулж амиа зогоодог байсан эмэгтэйчүүдийн амжиргаанд хүнд цохилт өгчээ.

Илүү оновчтой хөрөнгө оруулалт: Мангр ой модны нөхөн сэргээлт

Нигерийн Дельта муж нь дэлхийд гуравдагч хамгийн том мангрын ой мод бөгөөд мангр нь уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг шийдэх байгальд түшиглэсэн чухал шийдэл юм. Мангр нь уламжлалт ширэнгэн ойтой харьцуулахад нүүрстөрөгчийг дөрөв дахин илүү хэмжээгээр хурааж, үндэс нь шигүү бүтэцтэй учраас үер, шуурганаас голын эргийг хамгаалж, хөрсний элэгдэлээс сэргийлж, усны чанар, тунгалаг байдлыг хадгалж байдаг. Мангр нь эдийн засгийн хувьд төрөл бүрийн ашигтай бөгөөд биологийн олон янз байдлын гол төв юм. Гэвч, нипа дал мод цаашид хурдтай үржиж, газрын тосны асгаралт асуудал хэвээр байвал, ирэх 50 жилд Нигерийн Дельта мужаас мангр бүрмөсөн устаж алга болно.

Мангрын модгүй болж, орлогын эх үүсвэр буюу түүх хясаагүй болсон эмэгтэйчүүд асуудлыг шийдвэрлэхээр зориг шулууджээ. Орон нутгийн жендэрийн болон байгаль орчны эрхийн төлөөх байгууллага болох “Lokiaka Community Development Centre” буюу Локиака Олон Нийтийн Хөгжлийн Төв нь нүүрстөрөгчийн шингээлтийн нэмэгдүүлж, иргэдийн амжиргааг сайжруулж, биологийн олон янз байдлыг сэргээж, усыг нефтийн нүүрсустөрөгчөөс цэвэрлэх зорилгоор орон нутгийн 250 охид, эмэгтэйчүүдийг мангр ой модыг нөхөн сэргээх ба биологийн олон янз байдлын менежмэнтийн чиглэлээр сургажээ. Энэ явцад эмэгтэйчүүд 36 талбайгаас нипа дал модыг зайлуулж, нэг сая гаруй мангрын модыг нөхөн сэргээсэн нь тэдний ажлын эхлэл төдий юм. Локиака Төв нь жилд наад зах нь 500,000, 10 жилийн дотор 5 сая мангрын модыг нөхөн сэргээхээр төлөвлөжээ. Тэд устаж сүйрсэн байгаль орчин болон Баруун Африкийн Шавраар Мөлхөгч эмгэн хумс, нялх загаснуудын амин чухал амьдрах орчныг нөхөн сэргээж байна. Локиакагийн хүчин чармайлт нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж, дасан зохицоход хувь нэмрээ оруулахын хажуугаар орон нутгийн олон нийтийн охид, эмэгтэйчүүд төслийн боловсруулах шатнаас хэрэгжүүлэх хүртэл гар бие оролцохыг хангаж байна. Сүйрлийн ирмэгт ирсэн байгаль орчноо нөхөн сэргээх энэхүү явцад мангр модны амин чухал амьдрах орчин болсон энэ газартаа хавч хэлбэртнүүд буцаж ирснээр Локиакагийн охид, эмэгтэйчүүдийн амжиргаа нь сэхлийг олж, горхи ус нь цэнгэгшиж, тэд итгэл найдварын гэрэл гэгээг харж эхэлжээ.

Жендэрийн хувьд шударга уур амьсгалын шийдлийг хэн манлайлж байна вэ?

Локиока Олон Нийтийн Хөгжлийн Төв нь Both ENDS, Global Greengrants Fund ба Mama Cash байгууллагуудын орон нутгийн түнш бөгөөд эдгээр нь бүгд Global Alliance for Green and Gender Action байгууллагын гишүүн юм. 2009 онд үүсгэн байгуулагдсан тус байгууллага нь Нигерийн Дельта мужийн тариаланч бөгөөд хүний эрхийн төлөө тэмцэгч уугуул эмэгтэйчүүдийн төлөө, тэдэнтэй хамтарч ажилладаг өөрийн удирдлага бүхий байгууллага юм. Тус байгууллага нь уугуул эмэгтэйчүүдийн газрын эрхийг баталгаажуулж, өөрсдийн газар нутаг, байгаль орчинтой холбоотой шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүд чухал оролцогч байхыг хангах үднээс сургалт зохион байгуулж, нөлөөллийн ажил, кампанит ажил, ойн нөхөн сэргээлт, хамгаалалт болон менежмэнт, эвсэл байгуулах, мэдлэг солилцох зэрэг ажилд гар бие оролцдог.

Локиака Олон Нийтийн Хөгжлийн Төв нь олон нийтийг уухад тохиромжтой усаар хангах чиглэлээр Шелл болон Нигерийн Засгийн Газрын эсрэг кампанит ажил өрнүүлж, Огони орчмын байгаль орчныг цэвэрлэж, сэргээн засварлаж, нөхөн сэргээх зорилгоор дээрх байгууллагуудад шаардлага тавьжээ. Тэдний ажлыг эндээс харж болох бөгөөд доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно:


Related Post

Anamika Dutt's picture with the text, "welcoming Anamika Dutt, GAGGA's PMEL Officer"

Welcoming Anamika Dutt As GAGGA’s Planning, Monitoring, Evaluation & Learning (PMEL) Officer!

Anamika Dutt is a feminist MEL practitioner from India. Anamika believes that stories of change and impact are best heard…

See more

Bringing Local Realities to Board Level: GAGGA and Both ENDS Partners at the GCF B38 in Rwanda

Last week Both ENDS participated in the 38th Board Meeting of the Green Climate Fund in Kigali, Rwanda, together with…

See more

We Women Are Water – Call To Action To Support And Finance Gender Just Climate Action

Gender just climate action and solutions are in urgent need of your support Women, girls, trans, intersex, and non-binary people…

See more

Subscribe to our newsletter

Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.