ДЭЛХИЙН ДУЛААРАЛ БОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ


Ердөө сүүлийн 100 жилийн дотор аж үйлдвэржилт, хэт их хэрэглээ, хувь хүний эрх чөлөө, дээрэм тонуул, хулгай дээрэм болон хүчирхийлэл нь уур амьсгалыг эргэж буцалтгүй өөрчилсөн нь дэлхий түүхэнд урьд хожид тохиолдож байгаагүй. Аж үйлдвэржээгүй улс орнууд аж үйлдвэржсэн орнуудтай харьцуулахад хүлэмжийн хийг тийм ч их хэмжээгээр ялгаруулдаггүй ч, дэлхийн  өмнөд зүгийн орнуудын уугууль иргэд, Африк удамтай хүмүүс, цагаачид, нийгэмд маргинальчлагдсан охид, эмэгтэйчүүд зэрэг тухайн улсын бүтэц, тогтолцооноос гадуурхагдсан иргэд уур амьсгалын өөрчлөлтийн хор уршгийн хүнд ачааг үүрэлцэж байна.

Энэхүү бодит байдал биднийг байгаль орчны болон уур амьсгалын шударга ёсны төлөө тэмцэхэд уриалан дууддаг бөгөөд энэ нь жендэрийн шударга ёстой салшгүй холбоотой билээ. Гүн гүнзгий бугшсан нийгмийн болон жендэрийн тэгш бус байдлаас болж томоохон хот суурин газрын захад болон хөдөө орон нутагт амьдардаг эмэгтэйчүүд нь ихэвчлэн ус, хөрсний бохирдол,  илүүдэл хог хаягдал, үер, хар салхи, шуурга, урт удаан үргэлжлэх ган гачиг, ер бусын халуун цаг агаар, төрөл бүрийн ан амьтан, экосистем устаж үгүй болох, шинэ төрлийн цар тахал болон өвчний тархалт зэрэгт хамгийн ихээр өртөж байдаг.

Бид Мексикийн өмнөд хэсэгт эмэгтэйчүүдтэй тулж ажилладаг экофеминист байгууллагын хувьд энэ бодит байдлыг сайн мэднэ. Байгуулагдсан цагаасаа хойш 12 жилийн хугацаанд Aгуа и Вида: Mухерес, Деречос и Aмбиенте (Ус ба Амьдрал: Эмэгтэйчүүд, Эрх ба Байгаль Орчин) байгууллага нь 700,000 гаруй эмэгтэйчүүдийг байгаль орчны эрхээ хамгаалах тэмцэлд нь дэмжих зорилгоор тэднийг сургаж, мэдээллээр хангаж ирсэн. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид ур чадвар олгох сургалт, сургалтын хөтөлбөрүүд, нөлөөллийн кампанит ажил, кино, чуулган болон уулзалт гэсэн санаачлагуудыг ашигладаг. Түүнчлэн бид гадуурхалт, хэл амаар доромжлох, бие махбодийн хүчирхийлэл зэргийг үл ажран нутаг дэвсгэр, ус, газар шороо, ургамал тариа болон өвөг дээдсээс уламжилж ирсэн мэдлэгээ хамгаалахаар зохион байгуулалтад орсон эмэгтэйчүүдийн хийсэн ажлыг олон нийтэд таниулан сурталчилдаг. Ийнхүү анхан шатанд ажиллаж буй эмэгтэйчүүд байгаль орчны болон уур амьсгалын шударга ёсны төлөө бодит үйл хэргийг өрнүүлж байна.

Өмнөд Мексикийн Чиапаст дэлхийн дулаарлын талаар ярьж буй эмэгтэйчүүд бид өөрсдийн өдөр тутмын амьдралыг хүүрнэж байна. Бид дэлхийн дулаарлыг бууруулах аргачлалын талаар, эсвэл агаарын дундаж температурын өөрчлөлтийг хэрхэн тооцоолж хэмжих талаар яриагүй. Харин бид хүнсний үнэ нэмэгдэж, өвчин газар авч байхад эм тарианы хүртээмж байхгүй болж, бороонд байшин, эд хогшлууд урсаж, үр тариа хомсдож, газар тариалан үр шимгүй болж, ус бохирдож, ширгэж алга болж байгаа бодит байдлыг энд хөндөж байна. Өдөр ирэх тутам амьжиргаа хэрхэн хүндэрч байгаа талаар бид ярьж байна.

2020 оны 11-р сард Эта хар салхи Чиапаст нүүрлэхэд хөрс сэргээж, ойжуулж, улмаар хэрэглээндээ зориулж органик цэцэрлэг, тахианы аж ахуй эрхлэх зэрээр зохион байгуулалтад орж, бидэнтэй хамтарч ажиллаж байсан эмэгтэйчүүд хар салхи, бороонд бүх зүйлээ алдсан юм.

Тийм учраас, дэлхийн дулаарлын талаар ярьж буй өнгөт арьстай эмэгтэйчүүд бид 500 гаруй жил нутаг дэвсгэрийг нь үргэлжлүүлэн колоничилж, дээрэмдсэнийг бидний бие махбодиороо амссан амь амьдрал, амьдралын туршлага, гадуурхалт, маргинальчлал болон төрөл бүрийн бүтцийн хүчирхийллийн талаар ярьж байна. Хэрвээ компаниуд уул уурхай, нүүрсустөрөгчийн олборлолт, эрчимжсэн хөдөө аж ахуй ба мал аж ахуй, нефть химийн, автомашины болон аялал жуулчлалын салбар зэрэг дэлхий ертөнцийг улам дулаан болгож буй үйл ажиллагаагаа бууруулахгүй бол, бид хүн төрөлхтөний бөгөөд гараг ертөнцийн хувьд дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5-2 хэмд барих боломжгүй бөгөөд ийм байдалд хүрвэл сүйрлийн ирмэгт тулж ирнэ гэсэн үг.

Колоничлол, арьс өнгөөр ялгаварлах үзэл болон эцгийн эрхэт ёсны үр дүнд ууссэн уур амьсгалын өөрчлөлт

Чиапаст хэзээ бороо, ямар хүчтэй орохыг бид мэдэхээ байсан. Хэзээ хуурай, халуун улирал дуусч, хэр удаан, эрчимтэй үргэжлэхийг мэдэхээ байсан. Үр дүнд нь, тариаланчид, уугууль эмэгтэйчүүд өөрсдийн хоол хүнсний суурь болох эрдэнэ шишээ хэзээ тариалахаа мэдэхээ байсан.

Ган гачиг, үерийн усанд ургацаа алдана гэдэг бол цөхрөнгөө барж, өлсгөлөнд автана гэсэн үг. Энэ нь ихэнх гэр бүлийг дал модны тосны монокултур зэрэг олборлох төсөлд зориулж газраа зарах, эсвэл түрээслүүлэхэд хүргэдэг. Улмаар газраа алдсан эрчүүд архинд орж, хүчирхийлэл үйлдэхэд хүрдэг. 2021 оны 1-9-р сард Чиапаст 2,873 гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол, 365 хүчингийн хэрэг бүртгэгдэж, 38 эмэгтэй амь насаа алджээ. Хохирогчдын 41.9% нь орон нутгийн ажилчид байсан бол, ихэнх нь Гондурас, Гватемал болон Эль Сальвадороос ирсэн цагаач ажилчид байв. Байгаль орчин доройтож, цэрэгжилт, хүчирхийлэл газар авахад эмэгтэйчүүдийн хувьд цорын ганц боломж нь цагаачлал байдаг. Бидний зохион байгуулсан Эмэгтэйчүүд ба Мега Төсөл сургалтанд оролцогч нэгэн эмэгтэй ингэж хэлжээ:

[Компани, төр засгийн төлөөллүүд] мега төслүүд нь хөгжил, ахиц дэвшил, ажлын байр бий болгоно гэж амладаг ч тэр нь худлаа. Харин ч хүчирхийлэл газар авсан гэж эмэгтэйчүүд хэлсэн. Хань нөхрүүд нь ажлаа алдаж, архи, хар тамхинд ордог. Ингээд хүчирхийлэл газар авч, хүмүүс олноороо цагаачлах болдог. Хань нөхөр нь нүүж, эхнэр хүүхдээ орхидог. Эцэс сүүлдээ, [эмэгтэйчүүд ч] цагаачилдаг.

Эмэгтэйчүүд энэ нөхцөл байдлыг хувьсган өөрчилж чадах учраас бид энэ ажлыг хийж байна

Чиапаст дийлэнх эмэгтэйчүүдийн бүлгүүд газар шороо, нутаг дэвсгэрээ нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж байна. Үнэн хэрэгтээ тэд нөөц баялагийн хязгаарлагдмал хүртээмжтэй олон нийтийн дунд амьдрахын хажуугаар байгаль орчны шударга ёсны төлөө хувь нэмрээ оруулахуйц бодит үйл ажиллагаа өрнүүлж байна. Ингэснээр тэд нийгэм, байгаль орчны асуудал, сөргөлдөөнд өртөх өндөр эрсдэл дунд амьдарч байна. Тэдний үгийг дор сийрүүлбэл:

[Засгийн газар, компаниудын] бидэнд болон бидний газар шороонд тулгаж буй мега төслүүд нь энэ бүхнийг арчиж хаях болно. Бидний ургац, уламжлалт эмийн ургамлыг тэд үгүй хийх болно. Тийм учраас би хамгаалж тэмцэхээр энд байна. Нутаг дэвсгэртээ байгаа бүхнээ хамтдаа хамгаалцгаая.

Түүнчлэн тэд эмэгтэйчүүд бөгөөд өвөг дээдсийн эрдэм мэдлэгээр дамжуулан уламжлалт соёлоо хадгалж авч үлдэн газар нутгийн биологийн олон янз байдлыг нөхөн сэргээхийн тулд зохион байгуулалтанд орж, акц өрнүүлдэг гэдэг утгаараа тэдний үйл ажиллагаа нь уур амьсгалын шударга ёсны төлөө бодит хувь нэмэр оруулж байна. Ингэснээр анхан шатны эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулахад тус дөхөм үзүүлдэг. Өөрсдийн дадал практикын тухай ярьсан тэдний үгийг дор сийрүүлбэл:

Орон нутгийн түвшинд бид гэр бүлээ дэмжиж, эрүүл хооллохын тулд өндөг гаргах зэргээр хөдөө аж ахуй экологийн болон шувуун аж ахуйг эрхэлж байна. Бид гэр бүлийн хэрэгцээний ургацаа арчлахын тулд верми-компост [азот, кали, фосфор, магни болон хөрсийг сэргээж, үржил шимээр тэтгэдэг эрдэс бодисоор баялаг өтнөөс гаргаж авдаг органик бордоо] ашигладаг бөгөөд өөрсдийгөө [ундны] усаар хангахын төлөө зохион байгуулалтанд орж байна. Бид хатуу хог хаягдал болон саарал ус [өтгөний бохирдлыг ялгасан ахуйн бохир ус] боловсруулах практикийг хэрэгжүүлж байна. Бид өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, гэр бүл, олон нийтийнхээ ач тусын төлөө амандаа юу хийж байгаагаа цаг тутам боддог. Олборлолтын загвартай тэмцэхийн тулд бид [газар шороогоо] хамгаалж, дадал практикаа хуваалцаж, зөвшилцөлд хүрэхийн төлөө ажиллаж байна. Түүнчлэн бид нутаг дэвсгэрээ хамгаалж, газрын эрхийнхээ төлөө тэмцэхээр олон нийт, хамт олны түншлэлээ бэхжүүлж байна. Мөн цэвэр, эрүүл хүнсийг орон нутаг болон бүсийн хэмжээнд зарж борлуулдаг [хөдөө аж ахуйн] жижиг үйлдвэрлэгчидтэй хамтран зохион байгуулалтанд орж нэгдэж байна.

Эдгээр мэдэгдэл нь орон нутгийн эмэгтэйчүүдийн мэдлэгийг уур амьсгалын шийдвэрт тусгаж, уялдуулах ёстойг бэлхэнээ харуулж байна. Энгийнээр хэлбэл, олборлох дадал практик оршин тогтнож байгаа цагт дэлхийн дулаарал арилахгүй. Эмэгтэйчүүдийн хэлсэн үг, эрдэм мэдлэгийг бодолцож үзсэний үндсэн дээр орон нутгийн түвшинд байгаль орчны болон уур амьсгалын шударга ёсны төлөө зохион байгуулалтанд орж, тэмцэж чадвал л бид үүнийг зогсоож байна. Бид агаарын температурын хэмжилтээс цаагуур харж, үр нөлөөнд хамгийн ноцтойгоор өртөж зовдог хүмүүсийн нүдээр хардаг болсон цагт л үүнийг зогсоож чадна.

 

Aгуа и Вида: Mухерес, Деречос и Aмбиенте нь Өмнөд Мексикийн Чиапас, Оахака болон Табаско дахь эмэгтэйчүүдтэй ажилладаг экофеминист байгууллага юм. Тэдний зорилго нь нийгмийн болон байгаль орчны шударга ёсыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө эмэгтэйчүүдийн хүний эрх болон ус, газар, нөөц баялаг, газрын эрхүүдийн хоорондын харилцан хамаарлыг бэхжүүлэх зорилгоор акц өрнүүлэх явдал юм. Ингэхийн тулд Байгаль Орчны Эрх ба Шударга Ёсны Хөтөлбөр, Биеэс-Эх Дэлхийд Нутаг Дэвсгэрийн Хөтөлбөр, Орон Нутгийн Ажил ба Халамжийн Хөтөлбөр гэсэн хоорондоо холбоотой 3 хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Тэдний үйл ажиллагааны стратеги нь сургалт, судалгаа, харилцаа холбоо, сүлжээ бий болгох болон феминист активизм юм. Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл тэднийг Фейсбүүк, Tвиттер болон Инстаграм дээр дагаарай.


Related Post

Report: Seeds for Harvest – Funding for Gender, Climate, and Environmental Justice

The world has drastically changed in recent years, from the COVID-19 pandemic and ongoing conflicts to the rise of authoritarianism…

See more

Call for Consultancy: Evaluation of GAGGA 2.0 Programme

The Global Alliance for Green and Gender Action (GAGGA) is seeking a consultancy firm or a team of consultants to…

See more
Anamika Dutt's picture with the text, "welcoming Anamika Dutt, GAGGA's PMEL Officer"

Welcoming Anamika Dutt As GAGGA’s Planning, Monitoring, Evaluation & Learning (PMEL) Officer!

Anamika Dutt is a feminist MEL practitioner from India. Anamika believes that stories of change and impact are best heard…

See more

Subscribe to our newsletter

Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.