Уур амьсгалын онц байдалтай нүүр тулах нь: Бидний буруугаас болоогүй хямрал


Намайг София Гутиеррез гэдэг, би зэвсэгт мөргөлдөөн дунд өссөн. Колумбид хүчирхийлэл газар авахтай зэрэгцэн амьдрал ид үргэлжилдэг байв. Эмээ гэрийнхэнтэйгээ хөдөө хүчирхийллээс хэрхэн дайжиж зугтдаг байсан түүхээ намайг орой унтахаас өмнө ярьж өгдөг байсан юм. Зугтаагүй үлдсэн нь алуулсныг хожим сонссон хүмүүс айдас хүйдэстэй өсцгөөсөн ч, тэд өөрчлөлтийг туйлын ихээр хүсч, шударга ёсны төлөө тэмцэхийг эрмэлздэг байлаа.

Гэвч энэ нь зөвхөн түүх биш юм. Энэ нь Колумбийн хамгийн эмзэг бүлгийнхний биеэрээ туулж буй бодит амьдрал бөгөөд тэнд хүмүүс сөрөн тэмцэх шаардлагатай учраас айгаад сууж байх цаг тэдэнд байхгүй. Тэд баялагийг нь хуу хамах уул уурхайн олборлолт болон дайн дажингийн олон нийтэд үзүүлэх хор хөнөөлийг нэг мөр эцэс төгсгөл болгохыг хүсч байна.

Хэрвээ та байгаль орчны талаар тэмцдэг бол, Колумб улс дэлхийд хамгийн аюултайд тооцогдоно. Өнгөрсөн жил 65 байгаль орчныг хамгаалагч амь насаа алдсан. Өдөр бүр дэлхийн удирдагч, банк, корпорациуд тэдэнд шууд хэлбэрээр нөлөөлөхгүй л бол, гай гамшигт хамгийн ихээр нэрвэгдэж буй хүмүүс болон газар нутаг (MAPA) ямаршуу дүр төрхтэй байгааг тэд үл тоомсорлодог.

Энэ нь гай гамшигт хамгийн ихээр нэрвэгдэж буй хүмүүс болон газар нутаг байнга анхаарлаас гадуур үлддэг гэсэн үг. Эдийн засгийн загвар нь биднийг суурь эрхээ эдлэх ёстой гэж үздэггүйд учир нь байгаа юм. Дэлхийн өмнөд зүгийн улс орнууд удаан хугацаанд уур амьсгалын хямралтай нүүр тулсаар ирсэн. Энэ нь бидний хувьд шинэлэг зүйл биш.

Уур амьсгалын хямрал болох хөрс суурь колоничлолын үед тавигдсан. Колоничлолоор газар шороог асар ихээр сэндийчиж, геноцид үйлдэж, улмаар уугууль иргэдийн өв ухааныг үндсээр нь устгасан билээ. Манай улс орон, ард түмнийг колоничлогч эздэд бэлэг сэлт болгож өгснөөр тэд өөрсдийн хэрэгцээгээ хэмжээ хязгааргүйгээр хангах бололцоотой болсон гэдэгт хүмүүс итгэдэг. Тэдний хувьд байгалийн баялагийн халдашгүй дархан байдал, тэдгээрийг хайрлан хамгаалах хэмээх ойлголт огтхон ч байгаагүй.

Үүний уршгаар өнөөдөр бид өдөр тутмын амьдралдаа үлэмж их хэрэглээ болон уул уурхайн олборлолтын эрч хүчийг мэдэрдэг бөгөөд энэ нь алсуураа дэлхийн хойд зүгийн улс орнуудын эдийн засгийг хөгжүүлэхийн төлөөх үйлдэл юм. Үүнийг бодолцохын хажуугаар түүхэн явцад колоничлогдож байсан улс орнууд хүлэмжийн хийг бага хэмжээгээр ялгаруулдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Бид мөлжигчдөд баялагаа ханган нийлүүлээд зогсохгүй бидний буруугаас болоогүй уур амьсгалын хямралын хамгийн ноцтой үр дагаврыг биеэрээ амссаар байна.

Зайлшгүй хийх ёстой дараагийн алхам юу вэ? Шатах ашигт малтмалд зориулах санхүүжилтыг зогсоож, эрчим хүчний шударга шилжилтийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Энэ нь миний идэвхтэй тэмцлээрээ хүрэхийг зорьж буй ажил. 2019 оны 8-р сард манай улсын ширэнгэн ой хэсэгчлэн шатсанаар би уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч болсон юм. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөнд эрчимтэй гар бие оролцож, манай улсад уур амьсгалын өөрчлөлтийн ноцтой хор уршгаас зовж шаналж буй хүмүүсийн яриаг биечлэн сонсох боломжоор хангагдсанаар уур амьсгалын өөрчлөлт болон нийгмийн шударга ёсны хоорондын харилцааны өргөн цар хүрээг би сайтар ойлгож авсан. Гэр бүлээрээ туулсан туршлагаас харахад бид борооны улирлаар хэзээ гэр маань усанд урсах болдоо гэсэн байнгын айдастай байдаг байлаа.

Хэрвээ бид газар нутгаа хэрхэн зүй зохистой хамгаалж, тэргүүн эгнээнд ажиллаж буй хүмүүсийг зорилгодоо хүрэхэд нь хэрхэн хууль эрхзүйн дэмжлэгээр хангах тухай боловсрол, мэдлэгтэй болохгүй л бол, манай улс байгаль орчны асуудлаар хэзээ ч ахиц дэвшил гаргаж чадахгүйг би ухаарсан. Миний хувьд нэмэлт ан цав гаргах замаар хий гарган авах технологи, уур амьсгалын онц байдал болон боловсролын асуудлаар Засгийн Газартай хийсэн үндэсний хэмжээний уулзалтанд оролцох завшаан тохиолдсон. Улмаар улс төрд хутгалдсанаар би орон нутгийн засаг захиргаатай ажиллаж, байгаль орчны чанартай боловсролын хүртээмжийн төлөө тэмцэхээр шийдсэн. Бусад ТББ-ууд, иргэд, хүний эрхийг болон байгаль орчныг хамгаалагчидтай шаргуу ажилласны үр дүнд Богота хот орон нутгийн түвшинд Уур Амьсгалын Онц Байдлыг зарлаж, хотын захиргаа нь улам ногоон бодлого боловсруулж эхэлсэн.

Өнөөдөр би Пакто Экс эль Клима хэмээх залуучуудын байгууллагын нэг хэсэг болж ажилладаг. Бид хүүхэд залуучуудын хөдөлгөөн өрнүүлсэн бөгөөд бидний гол зорилго нь шийдвэр гаргах орон зайд залуучуудыг эрх мэдэлтэй оролцох байдлыг хангах явдал байв. Азаар, чин хүслээрээ нэгдсэн 12 залуу активистын эхлүүлсэн ажил эцэстээ уур амьсгалын хямралын эсрэг тэмцдэг залуучуудын ТББ болтлоо өргөжиж, төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг болсны нэг нь миний санаачилсан байгаль орчны боловсролын хөтөлбөр юм.

Мэдлэгээс өөрчлөлт эхэлж, уур амьсалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны нэг хэсэг нь хүүхэд залуучуудыг мэдээлэл, байгаль орчны чанартай боловсролын хүртээмжээр хангах нь тусгай эрх ямба бус хүний эрх байх ёстой гэдэгт би итгэдэг. Хүмүүс мэдээлэл, суралцахад ээлтэй хүрээлэн буй орчноор хангагдаж байвал, дэлхий ертөнцөд нийгмийн болон уур амьсгалын шударга ёсны төлөөх хамгаалагч бас нэгээр нэмэгдлээ л гэсэн үг. Активист хүний хувьд, мөн боловсролын хүртээмжээр хангагдсан хүний хувьд, бидний үүрэг бол бусдыг эрх тэгш байдалд хүрэхэд нь тусалж дэмжсэнээр тэд ч бидэнтэй адил боломжоор хангагдах болно. Колумби төдийгүй дэлхийн хамгийн аюултай хэсэгт амьдарч буй хүүхэд залуучуудын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа гэдэг нь хүний эрхийг хамгаалахын төлөө амь насаа гаргуунд гаргах ёстой гэсэн үг биш.

Миний хувьд 2009 оноос хойш төрөл бүрийн оролцогч, тэр дундаа хүүхэд залуучууд, төрийн агентлагууд болон ТББ-уудад зориулж уур амьсгалын хямралын эсрэг хэрхэн хариу арга хэмжээ авч, бусдад хариу арга хэмжээ авахад нь хэрхэн туслах талаар сургалтанд зааж байна. Идэвхтэй тэмцлээрээ дамжуулан би өөрийн амьдарч буй нийгэмдээ өөрчлөлтийг авчирч, ингэснээр бид бүхний дэлхий ертөнцийг улам сайхан болгохыг хүсэн мөрөөдөж байна. Тийм ч учраас, би Ирээдүйн Төлөөх Баасан Гарагт нэгдсэнээр дэлхий нийтээрээ томоохон бодлого, шийдвэр боловсруулах үйл явцад манай улсын ард түмний бодит түүх, туулсан амьдрал мартагдахгүй дурсагдаж, тэргүүн эгнээнд тэмцэж буй хүмүүсийн дуу хоолой цаашид нам гүм болох ёсгүй.

 

София Гутиеррез нь Пакто Экс эль Клима, Ирээдүйн Төлөөх Баасан Гараг MAPA байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч юм. Талуудын 26-р Бага Хурлаас өмнө Швед улсад болсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаалын үеэр Софиягийн хэлсэн үгийг эндээс үзнэ үү.


Related Post

Job vacancy: Advocacy & Collaborations Coordinator

The Global Alliance for Green and Gender Action (GAGGA) is currently looking to recruit a full-time coordinator to support the…

See more

Job vacancy: Linking & Learning Coordinator

The Global Alliance for Green and Gender Action (GAGGA) is currently looking to recruit a full-time Linking & Learning Coordinator.…

See more

Report | Critical approaches to gender in mountain ecosystems

Women play a key role in nature conservation, yet they often lack the inputs, technologies, training and extension services, and…

See more

Subscribe to our newsletter

Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.