Фижид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг феминист үйл ажиллагааг санхүүжүүлэх нь
Номхон далайн орнууд хүлэмжийн хийг өчүүхэн хэмжээгээр ялгаруулдаг ч, тэд манай эрин үеийн өмнө тулгамдаж буй хамгийн ноцтой хямрал болох дэлхийн дулаарлын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд явдаг нь маргаангүй.
Уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөл нь зөвхөн байгаль орчны, эсвэл улс төрийн асуудал төдийгүй, жендэрийн хувьд эрх мэдлийн ялгамжтай байдал болон нөөц баялагийг ашиглахад өөрсдийн гэсэн мэдэлгүйн улмаас шударга бус байдалд амьдарсаар ирсэн охид, эмэгтэйчүүд болон маргинальчлагдсан хүн амын бүлгийн сайн сайхан байдалд асар хор хохирол учруулдаг нийгмийн ээдрээтэй асуудал юм. Судалгаагаар байгалийн гамшгийн улмаас эрэгтэйчүүдийг бодвол охид, эмэгтэйчүүдийн амиа алдаж, гэмтэж бэртэх магадлал 14 дахин их гэдгийг олж тогтоожээ. Тэд жендэрт суурилсан хүчирхийлэл, эдийн засаг, санхүүгийн боломжоо алдах, ажлын ачаалал нь ихсэх зэргээр уур амьсгалын өөрчлөлтийн дам нөлөөнд өртөж байдаг.
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол уур амьсгалын өөрчлөлтөд илүү ихээр өртөж байгаагаас гадна уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Хувьсан өөрчлөгдөж буй байгаль орчны нөхцөлд дасан зохицох, үүнийг шийдвэрлэхүйц амьдралд ойр шийдэл олоход юу хэрэгтэй байдаг талаар эмэгтэйчүүд мэдлэг, ойлголттой байдаг. Гэвч тэдний мэдлэг, мэргэшил нь нээгдээгүй нөөц баялаг байсан хэвээр байна. Хязгаарлагдмал газрын эрх, санхүүгийн нөөц, сургалт, технологийн хүртээмжгүй байдал болон улс төрийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх хязгаарлагдмал оролцоо нь уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны бусад саад бэрхшээл тулгарахад уян хатан байдлыг бий болгоход тэднийг үүргээ бүрэн гүйцэд биелүүлэхэд байнга саад тотгор учруулдаг.
Газарзүйн байршлын хувьд алс зайдуу байдаг учраас хөдөө орон нутгийн болон алслагдмал газрын олон нийт илүү эмзэг нөхцөлд амьдрах бөгөөд нөхөн сэргээх явцад тэдний оролцоо, төлөөлөл байхгүйтэй адил. Фижи улсын Статистикийн товчооноос гаргасан 2019-2020 оны Өрхийн орлого, зарлагын судалгаанаас харахад, хөдөө орон нутагт ядуучуудын 62.2% нь амьдарч байгаа учраас хөдөөгийн ядуурал хот суурин газрынхаас хавьгүй өндөр байна.
Олон нийтэд эцэстээ нөөц баялаг хүрлээ гэхэд охид, эмэгтэйчүүд болон маргинальчлагдсан бүлгүүд нөхөн сэргээх хүчин чармайлтын хүрээнд дахиад л дэмжлэг авахгүй үлддэг бөгөөд тэдний дуу хоолойг сонсдоггүй. Олон нийтийн манлайлал дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл хязгаарлагдмал байдаг нь тэдний онцлог хэрэгцээ шаардлагыг ойлгохгүй, авч хэлэлцэхгүй байдалд хүргэдэг.
Манай Фижи улсын Эмэгтэйчүүдийн Сангийн (Сан) зорилго нь охид, эмэгтэйчүүд болон маргинальчлагдсан бүлгүүдийг үйл явцад бүрэн дүүрэн оролцохоос сэргийлдэг эрх мэдлийн тэнцвэрт бус байдлыг хувьсган өөрчилж, эмэгтэйчүүдийн ба феминист бүлгүүд, сүлжээнүүд болон байгууллагуудыг уур амьсгалын хямралд хариу арга хэмжээ авч, дасан зохицоход нь дэмжихийн тулд нөөц баялагийг эрх тэгш бөгөөд уян хатан байдлаар хангах явдал юм.
Уур амьсгалын шударга ёс болон хүмүүнлэгийн үйл ажиллагааг Сангийн тэргүүлэх 6 чиглэлийн нэг хэсэг болгож, анхны 2022-2024 оны Стратегийн Төлөвлөгөөнд тусгасан.
Өнгөрсөн жил Фижи улс хоёр ширүүн хар салхины гамшиг болон дэлхий нийтийг хамарсан цар тахлын үр нөлөөг амссан. Ялангуяа хүчирхийлэл, хүнсний аюултай байдалд нэрвэгдсэн газар нутгийн эмэгтэйчүүд болон хүйсийн аль нэг туйлд харъяалагддаггүй хүмүүсийн зайлшгүй хэрэгцээ шаардлагад хариу арга хэмжээ авах зорилгоор Сан нь Уян хатан байдлын тэтгэлгийг санаачилсан бөгөөд энэ нь гэнэтийн гамшиг, хямралын эхэн үе болон нөхөн сэргээх шатанд хямралын менежмэнт, хямралын үйл ажиллагааг дэмжихэд зориулагдана. Энэ тэтгэлгийн хүрээнд нийтдээ 50,000 фижи долларыг (ойролцоогоор 24,000 ам доллар) Сангийн одоогийн болон өнгөрсөн хугацааны тэтгэлэг авагч түншүүдэд жил тутам олгож байна. Тэтгэлэг эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 12 тэтгэлэгт Фижи улсын эмэгтэйчүүдийн болон феминист 10 бүлэг, байгууллага хамрагджээ.
Тус Сан нь цаашид уян хатан байдлын тэтгэлгийг сайжруулж, тэтгэлэг авагч түншүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэмжлэг авах боломжийг дэмжихийн тулд Aвстрали-Номхон Далайн Уур Амьсгалын Түншлэлээс мэргэжлийн туслалцаа авсан. Номхон Далайн орнуудад зориулсан уян хатан байдлын хөтөлбөрийг бий болгоход дорвитой хөрөнгө оруулалт хийдэг Уур Амьсгалын Түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдлийн хүрээнд үр дүнтэй ажилладаг хувийн хэвшлийг бас дэмждэг.
Уян хатан байдлыг дэмжих тэтгэлгээр дамжуулан Сан нь уугууль эмэгтэйчүүд болон тэдний эргэн тойрны олон нийттэй ажилладаг гамшгийн дараах нөхөн сэргээх хөтөлбөрт зориулж Rise Beyond the Reef (RBTR) байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн. RBTR байгууллага нь нийт 350 гаруй хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд болон тэднээс хамааралтай 1,500 хүнд зориулж урт хугацааны, тогтвортой нэмүү өртгийн болон ханган нийлүүлэлтийн сүлжээний хөтөлбөрийг боловсруулсан. Эдийн засгийг чадавхжуулах хөтөлбөрийн хүрээнд тэд ханган нийлүүлэлтийн сүлжээнд зориулж бий болгосон Дүүргийн болон Тосгоны Зохицуулагчийн бүтэц дээр түшиглэн эмэгтэйчүүдээр удирдуулсан гамшгийн хариу арга хэмжээ авах сүлжээг байгуулжээ. 2015 онд тус хөтөлбөр эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл эдгээр хөдөөгийн эмэгтэйчүүдийн бүлгүүд нь ойролцоогоор 700,000 гаруй фижи долларын (336,000+ ам доллар) орлоготой ажилласан байна. RBTR байгууллагын хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх хөтөлбөрийн тогтолцоо нь оролцоог хангахын хажуугаар хар салхинд нэрвэгдсэн хөдөөгийн болон алслагдмал орон нутгийн олон нийтийн нэр төрийг сэргээхэд тус дөхөм үзүүлэхэд зориулж хөтөлбөрийг амар хялбар аргаар өөрчилж болох давуу талтай.
Үүний нэг жишээ нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст хуурай газарт хүрсэн түүхэндээ хамгийн хүчтэйд тооцогдох 5-р ангиллын халуун орны “Уинстон” хар салхи болж гамшиг нүүрлэсний дараа 2016 онд эхлүүлсэн RBTR байгууллагын “Шуурганаас хоргодох байр” хөтөлбөр юм. Хар салхинд нэрвэгдсэн олон нийтийн хувьд гамшгийн уршгаар ургац тариа нь хиарч, пандан навч, ялам мод зэрэг гар урлалаа сүлжихэд ашигладаг түүхий эд материал нь хүйс тэмтрэгдсэн учраас орлогын эх үүсвэрээ тэр чигтээ алдахад хүрчээ.
Тус хөтөлбөр нь шуурга болсны дараах эвдрэл сүйрлийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож хувиргах ур чадварыг урлаачдад зааж сургасан. Жишээ нь, шалгарч үлдсэн хатуу модны хожуулыг будаж янзлаад сандал, ширээ болгожээ. Эмэгтэйчүүд наргил модноос унасан самрын идээг тос болон амьтны тэжээл болгохоос гадна наргил модны самрын хальсаар үнэт эдлэл, лааны суурь зэргийг хийжээ. Чулуу, хясаа зэргийг цуглуулж, өнгөлөөд гоёмсог байдлаар будаж, гараар урласан утсан үүргэвч бүхий спорт үүргэвчин дээр шигтгэж, тик так төү буюу Х/0 тоглоом болгон зарж борлуулсан туршлага байна. Мөн тус хөтөлбөрөөр эдгээр олон нийтэд гар хөрөө өгснөөр тэд газарт унасан мод ашиглан эвдэрч сүйрсэн гэр орноо засч, дахин барихад тус дөхөм үзүүлсэн байна.
Цаашилбал, RBTR байгууллага нь эмэгтэйчүүдэд зориулсан дунд болон урт хугацааны гамшгийн дараах нөхөн сэргээх төлөвлөгөөг боловсруулахад олон нийттэй хамтарч ажиллажээ. Үүнд гар урлал ба хөдөө аж ахуйн мэдээлэл, бүтээгдэхүүн боловсруулах ба бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх, хүнсний аюултай байдлыг хөндөх зорилгоор олон нийтэд түшиглэсэн цэцэрлэг болон хүнс үнэгүй тараах цэгийг сэргээх зэрэг ажлууд багтсан байна. Мөн олон нийт хувийн хэрэгцээндээ болон орлого олохоор үр тариа ургуулж байгаа бол тэд уур амьсгалын өөрчлөлтийн хувьд уян хатан суулгац болон ургамлыг ашиглаж буй эсэхийг RBTR бататгадаг.
2020 оны 12-р сард хуурай газар хүрсэн 5-р ангиллын халуун орны “Яса” хар салхины гамшгийн дараа нөхөн сэргээх ажилд зориулж RBTR нь тус хөтөлбөрийг энэ оны эхээр Буа мужид дэмжлэг үзүүлэх үүднээс дахин хэрэгжүүлжээ. Буа нь Фижи улсын хойд хэсэгт орших арал бөгөөд ковид-19-ын халдварын үр нөлөөг аль хэдийнэ мэдэрсэн газар юм. Тус хөтөлбөрөөр хөрөөдсөн мод ашиглаж, 12 байшинг шинээр барьж, 37 байшинг засварлажээ. Өнөөдрийг хүртэл хөрөөдсөн нийт модны жижиглэнгийн үнийг эзлэхүүнээр тооцвол 300,000 фижи доллар (145,000 ам доллар) болж байна.
Хөтөлбөрийн ололт амжилт, хувирах чадварын гол агуулга нь гамшгийн дараах нөхөн сэргээх явцад алхам тутамд оролцсон эмэгтэйчүүдийн манлайлал болон идэвхтэй оролцоо байсан юм. RBTR нь эмэгтэйчүүдийг нөхөн сэргээх болон шийдвэр гаргах үйл явцад оролцуулж, хэрэгцээ шаардлагыг нь эн тэргүүнд тавихыг хангадаг. Хөрөө ажиллуулах болон анхан шатны мужааны ур чадварт хүртэл эмэгтэйчүүдийг сургасан байна.
RBTR зэрэг эмэгтэйчүүдээр удирдуулсан байгууллагуудад дэмжлэг үзүүлдэг Фижи улсын Эмэгтэйчүүдийн сангаас бидний суралцах зүйл гэвэл Номхон далайн орнуудын олон нийтийн төлөө уур амьсгалын хямралын эсрэг тэмцэх шилдэг шийдэл нь тухайн олон нийтийг бүхэлд нь оролцуулах арга барил бөгөөд охид, эмэгтэйчүүд болон маргинальчлагдсан бүлгүүдийн дуу хоолой, оролцоог эн тэргүүнд чухалчлах явдал юм.
Зохиогчдын тухай
Күини Рабо нь Фижи болон Номхон далайн орнуудын олон нийт, ялангуяа эмэгтэйчүүдийн сүлжээ байгууллагуудтай 13 гаруй жил туршлагатай Фижи улсын хөгжлийн мэргэжилтэн юм. Тэрээр жендэр болон эрчим хүчний төслүүд дээр ажиллаж байсан бөгөөд тусламж зохицуулах талаар туршлагатай нэгэн. Күини Номхон далайн олон нийтийн төлөөх нарийн бичгийн даргын газар, Өмнөд номхон далайн дээд сургууль болон Фижи улсын Засгийн Газартай хамтарч ажиллаж байсан бөгөөд өнөөдөр Фижи улсын Эмэгтэйчүүдийн сангийн Хөтөлбөрийн ажилтны үүргийг гүйцэтгэж байна.
Эрика Лий нь Номхон далайн орнуудад харилцаа холбооны чиглэлээр 15 гаруй жил ажилласан туршлагатай Стратегийн харилцаа холбоо ба хөгжлийн төлөөх харилцаа холбооны мэргэжилтэн юм. Тэрээр хөгжлийн төлөөх сэтгүүлзүйгээр дамжуулан Номхон далайн орнуудын иргэдийн дуу хоолойг тодотгож, утга төгөлдөр оролцоог дэмжиж, нийгмийн өөрчлөлтийг хурдасгахад бүхнээ зориулдаг нэгэн. Тэрээр өмнө нь Нэгдсэн үндэстний байгууллагын Капитал хөгжлийн сан, Номхон далайн хувийн хэвшлийн байгууллага болон Фижи улсын Засгийн Газарт ажиллаж байсан. Өнөөдөр Эрика Фижи улсын Эмэгтэйчүүдийн сангийн Харилцаа холбооны ажилтны үүргийг гүйцэтгэж байна.
Фижи улсын Эмэгтэйчүүдийн Сангийн тухай
Фижи улсын Эмэгтэйчүүдийн сан (Сан) нь Номхон далайн орнуудын анхны эмэгтэйчүүдийн үндэсний сан юм. Манай Сан нь феминист болон эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудад зориулсан санхүүгийн ба санхүүгийн бус нөөц баялагт нөлөөлж, дайчлахад чармайж ажилладаг бөгөөд ингэснээр Фижи улсын охид, эмэгтэйчүүд болон жендэрийн аль нэг туйлд харъяалагддаггүй хүмүүсийн хүний эрхийн талаар ахиц дэвшил гаргах боломжтой болно.
Тус Сан нь Австралийн Засгийн газрын “Номхон далайн эмэгтэйчүүд Номхон далайн хөгжлийг тодорхойлох нь” (Номхон далайн эмэгтэйчүүд) хөтөлбөрийн 5 жилийн санаачлагын хүрээнд 2017 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Сан нь Фижи улсын эмэгтэйчүүдийн бүлэг болон байгууллагуудын жендэрийн шударга ёс бөгөөд хүний эрхийн төлөөх ажлыг өргөжүүлж, сайжруулахын тулд тэднийг санхүүжүүлж, чадавхийг нь бэхжүүлэхэд 2017-2022 онд нийт 10.5 сая австрали доллар зарцуулжээ. 2021 онд тус Сан нь Фижи улсын Өглөгийн сангийн тухай хуулийн дагуу орон нутгийн байгууллагаар бүртгэгдэж, өнөөдөр Фижи улсын феминист болон эмэгтэйчүүдийн хөдөлгөөний идэвхтнүүдээс бүрдэх засаглалын шинэ удирдлагатай болсон.
Report: Seeds for Harvest – Funding for Gender, Climate, and Environmental Justice
The world has drastically changed in recent years, from the COVID-19 pandemic and ongoing conflicts to the rise of authoritarianism…
Call for Consultancy: Evaluation of GAGGA 2.0 Programme
The Global Alliance for Green and Gender Action (GAGGA) is seeking a consultancy firm or a team of consultants to…
Welcoming Anamika Dutt As GAGGA’s Planning, Monitoring, Evaluation & Learning (PMEL) Officer!
Anamika Dutt is a feminist MEL practitioner from India. Anamika believes that stories of change and impact are best heard…
Subscribe to our newsletter
Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.