“Хөгжлийн бэрхшээлтэй уугууль эмэгтэйчүүд бид зөвхөн хохирогч бус, уур амьсгалын оновчтой шийдлийг олох гол эзэд нь”


Намайг Пратима Гүрүнг гэдэг. Би Балба улсын баруун хэсгийн уулархаг газар амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй уугууль эмэгтэйн хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг өөрийн биеэр, маш ойроос амсдаг. Балба улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий хамгийн эмзэг улс орнуудаас дэлхийд 4-т жагсдаг бөгөөд хүн амын 80-аас дээш хувь нь газар хөдлөлт, ган гачиг, үер, хөрсний гулгалт, эсрэг тэсрэг агаарын хэм, мөстлөгийн гаралтай нуурыг хашсан далан эвдэрснээс урсах үер зэрэг байгалийн гамшгийн эрсдэлтэй нөхцөлд амьдардаг. Уур амьсгалын өөрчлөлтийн эдгээр сөрөг үр нөлөө газар авснаар Балбын ард түмэн, тэр дундаа эмэгтэйчүүд, уугууль иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст болон тэдний амь амжиргаанд аюул заналхийлэл учруулж байна.

Би активист бөгөөд Балба улсын Хөгжлийн бэрхшээлтэй уугууль эмэгтэйчүүдийн Үндэсний холбооны ерөнхийлөгч, Хөгжлийн бэрхшээлтэй уугууль эмэгтэйчүүдийн Дэлхийн сүлжээний Удирдах хорооны Нарийн бичгийн даргын алба хашдаг. Тус Үндэсний холбооноос хийсэн “Уур амьсгалын өөрчлөлтийн хөгжлийн бэрхшээлтэй уугууль эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөө” хэмээх судалгаагаар охид эмэгтэйчүүд уур амьсгалын хямралд хамгийн ихээр өртдөгийг харуулсан. Гэвч Балба улсын хөдөө аж ахуйд оруулах тэдний хувь нэмэр болон ус, түлээ мод зэрэг байгалийн баялагийг сахин хамгаалагч тэдний үүргийг бодолцсон ч, хөгжлийн бэрхшээлтэй уугууль болон уугууль бус эмэгтэйчүүд нь уур амьсгалын хямралтай тэмцэх хэлэлцүүлэгт тус дөхөм үзүүлэхүйц чухал мэдлэг, төслийн саналтай байдаг боловч, тэднийг шийдвэр гаргах олон зайд оруулахгүй байсаар байна.

Улмаар дээрх судалгаанд уугууль иргэд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлийнхний өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн бодит дүр төрхийг онцлон дурдсан. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд зэрэг Балба улсын уугууль иргэдийн дийлэнх нь газар тариалан эрхэлдэг бөгөөд тэдний амжиргаа нь ой модноос хамааралтайн зэрэгцээ ой мод, байгалийн баялагтай харьцах тэдний харилцаа нь бэлгэдлийн шинж чанартай. Ой мод болон биологийн олон янз байдлын тогтвортой менежмэнт нь тэдний өвөрмөц унаган чанар, уламжлалт зан заншил болон хойч ирээдүйдээ өвлүүлэн үлдээх дадал практиктай нь салшгүй холбоотой.

Дээрх Үндэсний холбооны болон бусад судалгаануудаас харахад, усан цахилгаан станцын далан барих, засмал зам өргөтгөх, олборлох ажил гүйцэтгэх зэрэг төрийн оролцоотой хөгжлийн бодлого, хөгжлийн төлөөх төсөл нэрийн дор өвөг дээдсийнхээ газар шороон дээр амьдарч буй ихэнх уугууль иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Тэд газар, ой мод болон усны нөөц баялагаа хүртэж чадахгүй байгаа нь тэдний амь, амжиргаанд шууд нөлөөлж байна. Төрөөс уугууль иргэдийн уламжлалт зан заншил, дадал практик, амьдрал ахуйг дэмжихгүй байгаа бөгөөд тэднийг уламжлалт амьдралын хэв маягаасаа татгалзахыг албадаж байна.

Цаашилбал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байнгын давтамжтай ган гачиг болон үер нь үүнтэй хавсарч орон нутгийн хөдөө аж ахуйг сүйрүүлж байна. Өндөр ууланд зарим төрөл зүйлийн төмс, хөц будааны үр тариа олдохоо больсон. Усны нөөц, гол горхи ширгэж, газар тариалан үржил шимгүй болсноор газрын үр өгөөж дундарч, улмаар уугууль иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд шууд нөлөөлж байна.

Нэгэн кейс судалгаагаар, нийслэл Катманду хоттой ойролцоо Кавре дүүрэгт амьдардаг оюуны хөгжлийн бэрхшээлтэй уугууль охины ээж охиныхоо эрүүл мэнд болон эрүүл ахуйд шаардлагатай шим тэжээлтэй хоол хүнс, хүрэлцэх хэмжээний усаар хангахад хүндрэлтэй байсан. Тэр ээж өдөрт 2 цаг явж гэртээ ус авчрах бөгөөд энэ хойгуур охинд нь ямар нэгэн зүйл тохиолдох вий гэсэн байнгын айдастай байдаг. Ус болон ой модны нөөц баялагийн энэ хүртээмжгүй байдал нь түүнийг уламжлалт архиа нэрж, зарж борлуулахад нь саад тотгор учруулж байгаа учраас тэрээр охин болон гэр бүлээ санхүүгээр дэмжих боломжгүй болжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн эдгээр үр нөлөө нь эмэгтэйчүүд, уугууль иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд болон бидний эргэн тойрныхонд шууд ба шууд бус хэлбэрээр нөлөөлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй уугууль эмэгтэйчүүд дангаар болон хамт олноороо нийгмийн амьдрал төдийгүй шийдвэр гаргах үйл явцад оролцоход хүртээмжийн бөгөөд хандлагын саад бэрхшээлтэй нүүр тулж байна. Бид жендэрийн цөөнх, чадамжийн болон үндэс угсааны хувьд өвөрмөц шинж чанартай байдгийн хажуугаар соёлын хэм хэмжээ, түүхэн дарангуйлал, хууль тогтоомж, шашин шүтлэгийн улмаас олон хэлбэрийн ялгаварлан гадуурхалтад өртөж байна. Үр дүнд нь, бид туйлын ядууралд амьдарч буй хүмүүсийн дунд ихэнх хувийг нь эзэлдэг бөгөөд бидний нөөц баялагийн хүртээмж болон эрхээ утга төгөлдөр байдлаар эдлэх чадамж хязгаарлагдмал байдалтай байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий хамгийн эмзэг хүмүүс болох Уугууль иргэд эх дэлхийн биологийн олон янз байдлын 80%-ийг хамгаалдаг ч, уур амьсгалын өөрчлөлтөөс амсах гарз хохирол, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, үүнтэй дасан зохицохтой холбоотой асуудлууд зэрэг холбогдох хэлэлцүүлэгт хангалттай хэмжээнд төлөөлж оролцож чадахгүй байна. Эмэгтэйчүүд, уугууль эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй уугууль эмэгтэйчүүдийг хөгжлийг тодорхойлох гол эзэд гэж үзэх нь чухал байна. Бид зөвхөн хохирогч бус, шийдэл олох гол эзэд гэдгийг уур амьсгалын асуудлаархи бодлого, төлөвлөгөөнд хэрэгжих магадлал бүхий байдлаар тусгах шаардлагатай байна. Төр засаг, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, хөгжлийн түншүүд болон уур амьсгалын шударга ёсны чиглэлээр ажилладаг ИНБ-ууд зэрэг оролцогч талууд эрхийнхээ төлөө тэмцэж, босч чаддаг уугууль эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй уугууль эмэгтэйчүүд зэрэг өвөрмөц олон шинж байдалтай нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг сонсох ёстой. Эдгээр оролцогч талууд нь чухал гэж үзсэн зүйлдээ тууштай ханддаг амбицтай эмэгтэйчүүдийг зоригжуулах ёстой.

Эмэгтэйчүүд болон уугууль эмэгтэйчүүд, ялангуяа олон нийтийн түвшинд нийгмийн зиндаа, эрэмбэ дараагаараа доогуурт ордог хөгжлийн бэрхшээлтэй уугууль эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэхийг би шаардаж байна. Уугууль эмэгтэйчүүдийн эх дэлхийгээ хайрлан хамгаалах гэсэн мэдлэг, уламжлал болон хувь нэмрийг хүндэтгэн түгээн дэлгэрүүлж, бодит ажил болгож, тэднийг уур амьсгалын асуудлаарх хэлэлцүүлгийн гол цөмд авчрах цаг нь болсон.

Бодгаль хувь хүн нэг бүрийн олон янзат болон өөр хоорондоо давхцалтай өвөрмөц байдлыг хүлээн зөвшөөрч, жендэрийн, хөгжлийн бэрхшээлийн, үндэс угсааны болон бусад эрхийн төлөөх аливаа хөдөлгөөний хувьд тус тусдаа салангид байдлаар ажилладаг байдлаа эргэн харж, хөдөлгөөнүүд өөр хоорондоо хамтран ажиллах цаг нь болжээ. Энэ нь түншүүдийнхээ эгнээг өргөжүүлж, орон нутгийн түвшнээс дэлхийн түвшинд гар бие оролцож, хөгжлийн бэрхшээлтэй уугууль эмэгтэйчүүд зэрэг нийгмийн бүлгүүдийн биеэр туулсан туршлага болон төслийн санааг дэмжих урт хугацааны санхүүжилт олгох цаг мөч юм. Жендэр, соёл, хөгжлийн бэрхшээлийн огтлолцлыг нэгдмэл байдлаар авч үзэж, эрх мэдлийг шилжүүлэн бүтцийн өөрчлөлт хийх замаар түүхэн ялгаварлан гадуурхалтыг хөндөж авч үзсэнээр бид уур амьсгалын шударга ёсны дискурст хүн бүрийг түлхүү оролцуулах боломжтой болно. Хэрвээ уур амьсгалын хямралтай тэмцэхийн тулд яаралтай бөгөөд шаардлагатай эдгээр арга хэмжээг бид авч чадвал, хэнийг ч ардаа орхихгүй байж чадна.

 

Хатагтай Пратима Гүрүнг нь Балба улсын эрдэм шинжилгээний ажилд түшиглэн тэмцдэг манлайлагч активист юм. Пратима өөрсдийн төлөө дуу хоолойгоо өргөж, тэмцэх боломжгүй эмэгтэйчүүд, уугууль иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дуу хоолой болж, чухал үүрэг гүйцэтгэхийн хажуугаар Балба улс төдийгүй, Ази болон дэлхий даяар маргинальчлагдсан олон янзын өвөрмөц байдалтай хүмүүсийг холбохын тулд өөрийн ажилдаа огтлолцлын өнцгөөс харах арга барилыг нэвтрүүлдэг. Хатагтай Гүрүнг нь Трибхүван их сургуулийн Падмаканя коллежийн тэнхимийн багш юм. Тэрээр судалгаа хийхийн хажуугаар, эрдэм шинжилгээний судалгаагаа нөлөөллийн ажилтай холбодог. Түүнчлэн тэрээр Балба улсын Засгийн Газрын Эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настнуудын Яамны байгуулсан Хөгжлийн бэрхшээлийн асуудлаарх Үндэсний удирдах хорооны шинжээчээр ажилладаг. Пратима Гүрүнг нь Хөгжлийн бэрхшээлтэй уугууль иргэдийн дэлхийн сүлжээг үүсгэн байгуулагч бөгөөд одоогоор тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж байгаа бөгөөд Жендэр ба Ногоон үйл ажиллагааны дэлхийн эвсэл буюу GAGGA-гийн түнш байгууллага болох Балба улсын Хөгжлийн бэршээлтэй уугууль эмэгтэйчүүдийн үндэсний холбооны Ерөнхийлөгч юм. Тэрээр Балба улс болон Азидаа хөдөлгөөнүүдийн хамтын ажиллагаа, эмэгтэйчүүд, уугууль иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон бусад маргинальчлагдсан бүлгүүдийн хөдөлгөөн хоорондын огтлолцолд түшиглэсэн арга барил болон оролцоог хангасан боловсрол, байгаль орчны шударга ёс болон бусад асуудлын дискурс зэргийг хэрхэн санаачлан эхлүүлэх тал дээр үлгэр дуурайлал үзүүлсэн нэгэн юм.    


Related Post

Job vacancy: Advocacy & Collaborations Coordinator

The Global Alliance for Green and Gender Action (GAGGA) is currently looking to recruit a full-time coordinator to support the…

See more

Job vacancy: Linking & Learning Coordinator

The Global Alliance for Green and Gender Action (GAGGA) is currently looking to recruit a full-time Linking & Learning Coordinator.…

See more

Report | Critical approaches to gender in mountain ecosystems

Women play a key role in nature conservation, yet they often lack the inputs, technologies, training and extension services, and…

See more

Subscribe to our newsletter

Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.